2020-05-15

1. Шинэ Зеланд улсад Ковид-19-ийн анхны тохиолдол 3-р сарын 23-нд гарснаас хойш нэг сарын дотор 1500 болж, 20 хүн нас баржээ. Отагогийн их сургуулийн профессор Майкл Бэйкерийн үзэж байгаагаар энэ цагаас хойш шуурхай хариу арга хэмжээ авсны үр дүнд 2 сарын хугацаанд 102 тохиолдол нэмэгдсэн ч дахин нас баралт гараагүй байна. Тус улс нь сургууль, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг хаах, хөл хорио яаралтай тогтоох, аялал жуулчлалын хатуу хязгаарлалт тавих, хил хаах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж богино хугацаанд тархалтыг хяналтандаа авч чадсан байна. 5 сая хүн амтай улсын 150.000 гаруй эрсдэлт бүлгийн хүн амыг шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн, иргэдэд бодит мэдээлэл өгч, нөхцөл байдлыг зөв үнэлж олон нийтийн итгэлийг хүлээсэн нь үйл ажиллагааны үр дүнд нөлөөлсөн байна. Шинэ Зеланд улс халдварын тархалтыг хяналтандаа авсан ч энэ нь коронавирусыг ялан дийлсэн гэсэн үг биш. Зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна. Тиймээс тусгаарлах, ажиглах арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Тус улс хязгаарлалтаа сулруулах явцад зарим худалдаа үйлчилгээний байгууллага хүний бөөгнөрөл үүсгэх зэрэг зөрчил гаргаж байгаа тул албаныхан сонор сэрэмжтэй байхыг сануулжээ. “Бид хэдэн долоо хоногийн турш амжилттай байна. Халдварыг ялан дийлэхэд ч ойрхон байна. Гэсэн хэдий ч барианд хүрэх болоогүй байна" гэж Окландын их сургуулийн микробиологич Уайлс мэдэгджээ.


2. Лондонгийн Эвелина хүүхдийн эмнэлэгт 4-р сарын дундуур өмнө нь тохиолдож байгаагүй шинж тэмдэг бүхий 8 хүүхэд яаралтай тусламж авчээ. Эдгээр хүүхдүүдэд Кавасаки өвчинтэй төстэй шокын хам шинж, 38-40 хэм халуурах, хувьсах тууралт, нүдний салст улайх, хавагнах, ходоод, гэдэс хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрч байжээ. Бүх хүүхдэд Ковид-19 илрээгүй боловч 4-6 өдрийн дараа 2 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тус эмнэлэгт 7 хоногийн дараа 20 гаруй дээрх шинж тэмдэг бүхий хүүхэд ирсэн бөгөөд 10 хүүхдэд Ковид-19-ийн эсрэг бие илэрчээ.

3. Нью-Йорк хотод Ковид-19-ийн улмаас амьсгалын аппарат шаардлагатай хүмүүсийн 40%, Францад өвчтнүүдийн 90% нь хэт таргалалттай байсан байна. Цээж, ходоодны хэсгийн их хэмжээний өөхлөлт амьсгалахад хүндрэл учруулж, хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлдгээс илүүдэл жинтэй хүн коронавируст халдвараар нас барах магадлал өндөр байгааг тодорхойлжээ.

4.

Нью-Йорк хотын Синай эмнэлгийн зүрх судасны тасгийн ерөнхий эмч Дэвид Рейч коронавирус нь зүрх судсыг гэмтээн, зүрхний булчинг сулруулснаар хэм алдалт үүсгэж, зүрхний дутагдалд оруулж байгааг ажиглажээ. Түүнчлэн биеийн бүх хэсгийн судсыг үрэвсүүлж, цусны бүлэгнэл үүсгэж байгаа талаар дурьджээ. Уг хүндрэл ахмад настнуудад илүү тохиолдоно гэж байсан ч 73 хүүхдэд зүрхний шигдээс илэрч, 3 хүүхэд нас баржээ.

5.

Бээжингийн их сургуулийн судлаачид Ковид-19-ийн эдгэрсэн өвчтний 5-15 хувьд нь вирус дахин илрүүлжээ. Эерэг гарсан ихэнх тохиолдолдуудад шинж тэмдэг илрээгүй бөгөөд шалтгааныг нарийвчлан тодруулах нэмэлт судалгаа хийж байна.

6. Коронавирус хүний биед орохдоо ACE2 ба TMPRSS2 уургуудын тусламжтай эсэд нэвтэрч улмаар судасны ханыг (эндотел) нэвтлэн цусаар дамжин биеийн бүх эрхтэнд хүрдэг. Энэ нь Ковид-19 зөвхөн амьсгалын замаар тогтохгүй олон эрхтэнд нөлөөлдөг болохыг баталж байна. Вирус бүдүүн гэдэс, уушги гэмтээж байсан бол Цюрихийн их сургуулийн судлаачдийн хийсэн судалгаагаар зүрх, давсаг, нойр булчирхай, бөөр, хамар, нүд, тархийг өвчлүүлж байгааг тодорхойлжээ. Мөн Луизиана мужийн Шревепорт их сургуулийн вирус судлаач Ковид-19-ийн улмаас нас барсан өвчтнүүдийн эд эсийн дээжээс вирусийн уураг илрүүлж аль эрхтэн анх халдвар авсан болох, вирус хаанаас хаашаа чиглэж байгааг тодорхойлох боломжтой гэжээ.


7. Ковид-19 өвчний тархалтад цаг агаарын болон газарзүйн байршил хамааралгүй болохыг БНХАУ-ын эрдэмтэд мөн тогтоосон байна. Уг өвчин жилийн дөрвөн улиралд цаг агаарын халуун хүйтэн нөхцөлөөс үл хамааран хаана ч тархах боломжтой бөгөөд дэлхийн 144 улс, бүс нутагт Ковид-19-өөр өвдсөн 370 мянган хүнийг хамруулсан судалгаанд үндэслэн энэ дүгнэлтийг хийсэн байна. Харин хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь үр дүнтэй нөлөө үзүүлж байгааг онцолжээ. 8. БНХАУ-ын Ухань хотын 2 эмнэлгийн агаарын чанарын үзүүлэлтэд хийсэн судалгаагаар коронавирус эмнэлгийн дотоод орчны агаарт хадгалагдах эрсдэл өндөр гэдгийг тогтоож, дараах үр дүн гарсан байна: a. Хамгаалалтын хувцас тайлах өрөө – Маш өндөр b. Ариун цэврийн өрөө – Өндөр c. Эмнэлгийн задгай хэсэг - Дунд d. Өвчтөний өрөөнд – Бага Судлаачид халдваргүйжүүлэлтийг тухай бүр чанартай хийх, хамгаалалтын хувцас тайлах өрөөнд халдваргүйжүүлэлтийг зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэжээ.


Эх сурвалж:

  1. https://www.thelancet.com/action/showPdf…
  2. https://www.thelancet.com/action/showPdf…
  3. https://www.weforum.org/…/this-is-why-people-with-obesity-…/
  4. https://www.washingtonpost.com/…/coronavirus-attacks-body…/…
  5. https://www.bloomberg.com/…/china-study-finds-5-to-15-of-co…
  6. https://www.the-scientist.com/…/receptors-for-sars-cov-2-pr…
  7. https://www.cmaj.ca/…/cmaj/…/2020/05/08/cmaj.200920.full.pdf
  8. https://www.nature.com/articles/s41586-020-2271-3